Monday, August 5, 2013

Амгалан төрийн ажнай шарга!


Энгүй хурдан хос шарга
Их наадмын түрүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга...
Э.Эрдэнэчулуун уяачийн гайхалтай хүлгүүдийн тухай дуу ийн эхэлдэг.

Хос шаргын талаар домог мэт яриа Монголчуудын дунд тугсээр олон жил өнгөрчээ. Амьдралын хос багана болсон ханиа аймшигт өвчнөөс салгахын тулд саам уулгах гэж тэрбээр цагаан гүү худалдан авчээ. Цагаан гүү төдөлгүй эр шарга унага төрүүлсэн нь хайр булаасан, өхөөрдөм амьтан байлаа. Уяачийн эхнэр "Ийм хөөрхөн амьтны хоолноос хороох ч гэж дээ" хэмээн өөрийгөө зэмлээд саам уухаас татгалзсан удаатай. Адуу ухаантай амьтан. Хоёр шарга унаган цагаас нь хоолноос “хумсалж” зүрхлээгүй эзэгтэйдээ ганц өдрийн ч болтугай нас нэмэхийг хичээх мэт олон наадамд түрүүлж, айрагдсан. Гэлээ ч санаснаар болдоггүй зүйл байдаг. Цаг бусаар эндсэн том шаргынхаа хойноос ихэд харамссан бүсгүй сүүлээр нь морин хуур хийлгэн, эр нөхөртөө өгсөн тухай яриаг ч би сонссон юм. Энэ харамсалт явдлаас нэг их удалгүй уяачийн эхнэр хорвоогоос буцсан гэнэ билээ. Ийнхүү ах шаргыгаа “өөд болсны” дараа дүү шаргынх нь толгой гудайж, түрүү авах нь эрс цөөрчээ. 2007 онд Эрдэнэчулуун уяачийн тод манлай цолны мялаалга дээр ирсэн Д.Агваан хэмээх найз нь хос шаргад зориулан шүлэг зохиож, хожим энэ бүтээл дуу болсноос хойш бага шаргын хийморь лундаа сэргэж, улсын наадмын олон түрүүг авсан. Бага шарга Төрийн наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдана гэдэг түүхэнд байгаагүй өндөр амжилт. 2000 оны Улсын их баяр наадамд Ах, Дүү хос шарга хоёул нас насандаа түрүүлэн ирсэн нь нулимс гаргам сайхан мөч байлаа гэж Э.Эрдэнэчулуун уяач дурсан ярьдаг. Төрийн их баяр наадамдаа 6 түрүүлж, Монгол улсын ерөнхийлөгчөөр сэтэрлүүлсэн "Амгалан төрийн ажнай хүлэг" 14 насандаа зодог тайлж, монгол түмнийхээ хайр хүндлэлийг хадгалан үлдсэн билээ. Уг нь дахиад хэдэн жил уралдах боломж Шарга азаргад байсан ч Э.Эрдэнэчулуун уяач хайртай хүлгээ гэмтэл бэртлээс хамгаалж, амжилтыг нь мөнхлөн үлдэхийн тулд зодог тайлуулсан гэдэг. Ах Шаргыг нь өөрийн буруугаас болж эндүүлсэндээ Э.Эрдэнэчулуун уяач ихэд гэмшиж, түүнээс хойш бүх морьдоо өвлийн уралдаанд сойлгүй, гэмтэл бэртлээс хамгаалж, хайрлаж иржээ. Бага шарга хайрт гэргийнх нь хагалгааны зардлыг нэг жилийн бай шагналаараа бүрдүүлж байсан хамар шархируулам түүх бий. Гэргийнх нь элэгний өвчин хүндэрсээр 2004 он гэхэд зайлшгүй элэг солиулах мэс засал хийлгэх хэрэгтэй болсон ба нэг биш хоёр удаа энэ хүнд хагалгааг хийлгэжээ. Бээжинд хийсэн хагалгаа 60 сая төгрөгний үнэтэй байсан бөгөөд Бага шарга тэр жилийнхээ дөрвөн том наадамд түрүүлэн хоёр жийпээр шагнуулж, түүнийг нь зарж эмчилгээний зардлыг төлсөн гэдэг. Цагийг эзэлсэн хурдан шарга азарганы түүх ийн болой. 



0 comments:

Post a Comment