Thursday, October 10, 2013

Итгэл, хайр, зорилго, мөрөөдөл, сүсэг бишрэл, биелэл...

Челсид ууссан минь...
Хөлбөмбөгийн бүхий л цаг үед өндөр амжилт үзүүлсэн баг гэж дэлхийн түүхэнд үгүй! Тэд бүгд унасан, мандсан, сөгдсөн, боссон үеүүдийг туулж өнөө цагт иржээ. Энэ л жинхэнэ хөлбөмбөгийг амттай болгодог ганц зүйл. Мөнхийн оргилд, мандан бадардаг баг байсансан бол хэн ч хөлбөмбөг үзэхийг хүсэхгүй болно.
Улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аварга 8 дараалан түрүүлж байсан үед наадамчин олон шагшин магтсан нэг хэсэг байсан ч шинэ залуус гарч ирэхийг хүсэн мөрөөдөж байсан нь гарцаагүй юм. Яг л үүнтэй адил хэт монопол болно гэдэг эцэстээ үнэ цэнийг бууруулдаг гэхэд болно. Тэгвэл хөлбөмбөгт яг л ийм түүхийг бичиж, унаж босож өнөөг хүрсэн баг бол Челси! Би энэ багийн фанат! Анх хөлбөмбөг гэж юу ч мэдэхгүй жаахан хүү дэлхийн аваргын тэмцээнийг үзэж, ямар уйтгартай, удаан үргэлжилдэг тоглолт вэ гэж дургүй хүрч байж билээ. Харин сүүлд тэрхүү бодлыг минь тэс өөр болгосон зүйл бол Челси байсан юм. 2007 оны аваргуудын лигийг Монголд анх удаа шууд дамжуулж байсан санагдана. Нэг шөнө өнөөх алдарт Барселона гэх клуб Оросын тэрбумтны багийн эсрэг тоглоно гэсэн хуваарь телевизийн мэдээнээс олж уншаад, үзэхээр шийдсэн юм. Эхлээд Челси талбайдаа 1:0-ээр хожчихсон байсныг мэдээгээр гаргаж байсан юм. Дрогба гэж хүчирхэг довтлогч нь гоёмсог гоолыг оруулж байсныг харсан. Тэр шөнө миний хувьд үнэхээр хурдан өнгөрч билээ. Хүмүүсийн ярьж байснаар ч өнгөрсөн жилийнх нь аварга Барса тоглолт эхлээд л гоолдчихсон юм. Гоолын эзэн Деку! Гэхдээ яагаад ч юм өөрийн эрхгүй хожигдож яваа багийг нь дэмжээд байв. Тоглолт тун ширүүн болж байсан ч олны магтаад байсан Роналдинио ерөөс харагдахгүй байсан юм. Учир нь зөвхөн түүнийг хамгаалуулахаар худалдан авчирсан Халид Болахруз гэх хамгаалагч Рониг хөдөлгөхгүй байсан юм. Тоглолтын 2-р үе эхлээд удаагүй байхад 8 дугаартай тоглогч итгэмээргүй гоолыг оруулж билээ. Тэр цагаас эхлэн ЛАМПАРД гэх нэр миний тархи, зүрхэнд хадагдсан юм да. Гэхдээ буцаад л Гудионсэн 2:1 болголоо. Мэдээж дахиад л хожигдож буй багийг дэмжээд байлаа. Ингээд тоглолт дуусахтай зэрэгцэн Африк тивийн хар алт Дидиэ Дрогба тоог тэнцүүлж, би шөнийн анир чимээгүйг эвдэн гэртээ орилж байж билээ. Тэр цагаас эхлэн Челси миний зүрх, тархинд Лампард, Дрогбагийн хамт мөнхөрсөн юм. 

Челси:
Челси гэх нэр яагаад ч юм язгууртан мэт дээд зэрэглэлд сонсогддог. Энэ багийн гол цөм болсон тулгын 4 чулууг Францын зохиолч Александр Дюмагийн Шадар Гурван Цэрэгээр төсөөлдөг юм. Гэхдээ одоо эдгээр 4 чулууны 1 нь замын нүүдэлд гээгдэн үлджээ. Шадар 3 цэргийн хамгийн эрч хүчтэй, ууртай, марзан Портос бол яг л Дрогбатай адил! Чех бол Д’Артанян. Терри бол жинхэнэ ахмад, багийнхнаасаа хамгийн их хүндлэлийг хүртдэг Атос. Харин Лампард бол үргэлж сэтгэл зүрхнээсээ тоглож чаддаг, хамгийн найдвартай Арамис гэхэд болно. Би тэднийг ингэж л төсөөлдөг юм. Мэдээж үүн дээр олон олон авъяаслаг залуус нэмэгдэж Шадар Хишигтэн цэргүүдийг бүрдүүлсэн билээ. 

Сэтгэл хөдлөл, Уур бухимдал:
Челси намайг олон удаа сэтгэлээр унагаж, олон ч удаа бусдын дэргэд бардам байлгаж чадсан баг. Ялагдлаас илүү баярлуулсан нь олон учраас л би түүнд хайртай. 2007 оны хагас шигшээд Ливерпүүлд хожигдсон торгуулийн цохилт, 2008 онд Финалд хожигдсон торгуулийн цохилт, 2009 онд луйвардуулж хожигдсон тоглолт гээд тэр бүхнээс илүү пример лигтээ бүх топ багуудаа буулган авч түрүүлсэн жил, аваргуудын лигт 10 хүнтэй Барсагийн талбайд тэнцсэн тоглолт, торгуулийн цохилтоор ялж, Аваргуудын лигийн түрүү авсан нандин дурсамжууд байдаг учир би өнгөрсөн бүхэнд харамсдаггүй юм. Ирээдүйдээ ч итгэлтэй байдаг...

Челси цаашид минийхээр бол...
Хөлбөмбөгийн стил, школ улс бүрт, клуб бүрт өөр өөрийн онцлогтой. Барса стил, Аяакс стил гэх компьютер тоглоомон дээрхи шиг тоглолтыг хүмүүс үзэх дуртай байдаг. Харин Италиийн стил бол хамгаалалт. Үзүүштэй, уран гоё тоглолт байдаггүй уйтгартай. Тэгвэл Челси стил бол энэ хоёрын нэгдэл. Жозе Моуриниогийн эрин үеэс л Челсигийн хамгаалалт зартай байсан. Ямар ч багийн спортод ар тал, хамгаалалт найдвартай байж чадвал амжилт төдий чинээ нэмэгдэнэ. Челси ч үүнийгээ сайн мэднэ.
Гэхдээ минийхээр бол Абрад ганц л үг хэлмээр санагддаг юм. Нэг дасгалжуулагчдаа итгэл хүлээлгэж, ядаж 3 жил удирдах боломж өгөөч гэмээр санагддаг юм. Арсен Уэнгер, Алекс Фергусон нар яагаад ийм олон жил байсаар байна. Тэд жил бүр цом авдаг гэж үү? Үгүй! Арсен Уэнгер л гэхэд олон ч жил цомгүй улиралыг үдэж байна. Хамгийн гол нь хүндлэл, тэвчээр, итгэл гэдэг зүйл багийг авч явдаг гэдгийг Абрад ойлгуулмаар санагддаг. Хэдэн саяаар тоглогч авахдаа гол нь биш, тэр хэдэн сая еврог зөв хөдөлгөдөг сайн менежерийг, урт удаан хугацаанд байлгах нь чухал. Хэлбэр биш агуулга чухал гэдэг дээ.
Гэхдээ би үргэлж итгэсээр байх болно...

0 comments:

Post a Comment