Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад алдаатай оноотой хэд хэдэн нийгмийн дэг жаягт захирагдан иржээ. Аливаа зүйлийн алдаа нөгөөгийнхөө оноо болдогийн адилаар хуучин нийгмийнхээ тогтолцооны гажуудлыг шинэчлэн сольсоор илүү төгс засаглалыг эрэлхийлсэн нь “Ардчилал” юм. Ардчилал бол хүн төрөлхтний засаглалын хамгийн төгс хэлбэр бөгөөд магадгүй үүнээс төгс гэж байхгүй хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Өнгөн дээрээ ардчилал дэндүү харгис дэг мэт боловч хүнээс өөрийнх нь жинхэнэ чадварыг шаардана.
Өмнө нь хэн номхон
хүлцэнгүй байна төдий чинээ амар амгалан байдаг байв. Хүнд хар гэж нүд, сонс
гэж чих, ярь гэж ам заяасан байтал хэлэх,ярих, сонсох бүхнийг нь хэн нэгэн
зааварлан хэл гэснийг нь хэлж, бич гэснийг нь бичиж яг л хэдхэн “том гар”-т
баригдсан өөрийн гэсэн тархигүй төмөр хүн болгон хувиргаж байв. Аливаа зүйлд
дээд цэг гэж байдаг. Түүндээ хүрэхээрээ тэсэрдэгийн адилаар хуучин нийгмийг
халах зайлшгүй шаардлага байна гэдгийг ардчиллын салхи сэвэлзсэнээр ард
иргэдийн нүдийг нээж, чихийг онгойлгосон юм.
Хүн чөлөөт нийгэмд л
чөлөөтэй сэтгэнэ. Нийгмийн нэг тогтолцоо нөгөөгөөр солигдоход бүхий л салбарт
өөрчлөлт орсны нэгэн адил сэтгүүл зүйн салбар ч мөн адил шинэчлэгдсэн. Өмнө нь
нам засгийн удирдлагаар, эсвэл аль нэг том даргын үзэл бодолд нийцүүлэн бичдэг
байв. Сэтгүүлч бид олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэх ёстой болохоос хэн
нэгний үзэл бодлыг зарлан тунхаглагч биш гэдгийг харуулж, монголд “Чөлөөт
ардчилсан сэтгүүл зүй” бий болсон юм. Сэтгүүлчдийн индэр нээлттэй болж “Эрэн
сурвалжлах сэтгүүл зүй” хэмээх шинэ нэр томъёо бий болсон байна. Түүний гол
зорилго нь ард түмэнд чухал шаардлагатай, нийгмийн ач холбогдолтой хамгийн гол
нь олон нийтийн хараа хяналтаас нуугдмал байгаа, нуухыг оролдож буй үйлдлийг
илчлэх зорилготой юм.
Миний бодлоор чөлөөт
хэвлэлтэй аль ч оронд эрэн сурвалжлах сэтгүүл зүй байх хэрэгтэй гэж үзэж байна.
Хэдий хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан нийгэмтэй улс ч гэсэн
тэдгээрийн дотор далд муу муухай олон зүйл бий. Тэр бугшмал, шударга бус
үйлдлийг илчилж, нийгмийг эрүүлжүүлэх нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үүрэг юм.
Манай улсад чөлөөт сэтгүүл зүй бүрэлдэн тогтоод 20 гаруй жил болж байна. Энэ
үеийг хүнээр тооцвол идэр нас бөгөөд, ид хийж бүтээж, хөгжих үе юм. Харин
дэлхийд эрэн сурвалжлах сэтгүүл зүй 150 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг.
Манай улсад сүүлийн
жилүүдэд эрэн сурвалжлах шинжтэй материал нийтлэгдэх хандлага нэмэгдэх болсон
боловч тэдгээрийг яг эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийтлэл мөн гэж хэлэхэд учир
дутагдалтай гэж үздэг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэлбэр төдий, ямар ч
хөдөлмөр гаргаагүй, хэн хэнээс ч нуугаагүй ил баримтыг цуглуулан, нийгмийн ач
холбогдол багатай материалыг нийтэлдэг. Тэр нь ямар ч тодорхой зорилгод
хүрээгүй, үр дүн байдаггүй. Нэг бол зөв сэдэв хөндөж авсан хэрнээ түүнийхээ
эцсийг үзэлгүй, залхуурсан шинжтэй дундаас нь орхигдуулаад өнгөрөх тохиолдол
ажиглагддаг. Хэдий эрэн сурвалжлах сэтгүүл зүй манай улсад хөгжөөд удаагүй
байгаа ч гэсэн бусад орны эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийтлэлтэй харьцуулшгүй
том ялгаатай харагдаж байна. Нөгөө талаас манай улсад хэдий нээлттэй чөлөөт
нийгэм бүрэлдэн тогтож сэтгүүлчийн эрх зүйн орчинг бүрдүүлэн, ямар ч дарамт
шахалтгүйгээр хэвлэн нийтлэх эрх чөлөөг олгодог боловч, далд дарамт байдгаас
үүдэн дорвитой зүйл хийгдэхгүй байж болох талтай.
Мөн эрх зүйн орчин
бүрдүүлж өгөхөөс гадна төсөв санхүүгийн асуудал хамгийн чухал. Хэдий сэтгүүлч
дорвитой сайн материал бэлдэх хүсэл эрмэлзэл байвч санхүүгийн хараат байдлаас
гар чадахгүй байх нь манай орны сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй томоохон
асуудал юм. Тухайн сэтгүүлч дан ганцаараа зүтгэх биш хамт олон нь дэмжлэг
үзүүлдэг байх хэрэгтэй . Сэтгүүлч үнэхээр сайн баримт олсон хэдий ч өнөөдөр хэн
нэгнийг илчилсэн, булхайг нь илрүүлснээс илүү хэдэн төгрөг халааслаад амьдралаа
өөд нь татаад чимээгүй болох нь дээр санагдаж болох юм. Үүнийг худалдагч бүтэн
сарын цалингаараа ажилдаг дэлгүүрээсээ аятайхан цамц аваад өмсөж хүрэхгүй
болсон монголын нийгмийн буруу тогтолцоотой холбож болох юм. Нөгөө талаас хувь
хүний ухамсараас ихээхэн шалтгаална. Жишээ нь АНУ-д эрэн сурвалжлах
сэтгүүлчдийг дэмжин тусгай төсөл хэрэгжүүлдэг бөгөөд хөрөнгө санхүү бүхий л
талаар дэмжиж хамгийн гол нь тодорхой үр дүнд хүрсэн байхыг шаарддаг байна.
Бусад орны энэ мэт
жишээнээс туршлага судлан сэтгүүлчдийнхээ эрх зүйн орчин, санхүүгийн бие даасан
байдлыг дэмжих нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийн жим болно. Эрэн
сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нь манай орны хувьд цоо шинэ зүйл биш юм.
Хувьсгалын ороо бусгаа цагийн үед ч манай ууган хэвлэлүүдэд “шүүмжлэл” нэртэй
буланд хэн нэгний алдаа дутагдлыг хэнээс ч эмээлгүйгээр нийтэлж илчлэн шүүмжлэх
аргыг хэрэгжүүлж байсан. Харин одоо сэтгүүлчийн индэр нээлттэй болсон нь
ардчилал “ган үзэгтэн”-д олгосон хамгийн том боломж юм. Энэ боломжийг ирээдүйн
сэтгүүлч бид ашиглаж, эх орноо эрүүлжүүлцгээе.
0 comments:
Post a Comment